“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах тухай” зөвлөмж

2022 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахтай холбоотойгоор зөөврийн рентген аппарат ашиглан сүрьеэгийн үзлэг, цээжний зураг авах үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн байгууллагуудад “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах тухай” дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмжийг PDF хувилбараар үзэх 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах тухай

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 05 дугаар сараас эхлэн орон даяар  далд сүрьеэ болон сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээг өрнүүлэхээр шийдвэрлэж байгаатай уялдуулан рентген шинжилгээний үед үндэслэлгүйгээр цацрагийн шарлага үүсгэхгүй байх, шарлагын тунг зохистой хэмжээний хамгийн доод түвшинд байлгах, хүн ам, цацрагтай ажиллагчийг шарлагын тунгийн тогтоосон хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх үндсэн зарчмыг хангаж ажиллах шаардлага эмнэлгийн байгууллагуудын өмнө тавигдаж байна. Иргэд, үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулахдаа дээрх үндсэн шаардлагуудаас гадна, цацрагийн болзошгүй ослоос сэргийлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах талаар Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтууд, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 3.15.19 дэх заалтыг үндэслэн дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна. Үүнд:

1. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллага нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий рентген аппаратаар үзлэг, оношилгоог явуулах;

2. Рентген оношилгооны үед үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, шарлагын тунгийн зохистой хэмжээний хамгийн доод түвшинд байлгах, хүн ам, үүний дотор цацрагтай ажиллагчийг шарлагын тунгийн  тогтоосон  хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх зарчмыг хангаж ажиллах;

3. Цацрагтай холбоотой үйл ажиллагааг цацрагийн аюулгүйн стандартыг бүрэн хангасан, улсын байцаагчийн зөвшөөрсөн зориулалтын байранд явуулах;

4. Аппарат, тоног төхөөрөмжүүд болон техник ашиглалтын дүрмийг чанд мөрдөж ажиллах;

5. Шинжилгээнд хамрагдах бага насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авч, тэдний аюулгүй байдлыг ханган, эцэг, эх, цэцэрлэг, сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллах;

6. Эмнэлгийн эмч, техникч нь хувийн тунг хэмжигч дозиметр /TLD/-ийг ажлын цагийн туршид үйл ажиллагааны төрлөөс хамааран тогтоосон байрлалд хамгаалалтын хувцасны дотор талд /цээж, хэвлий, захын эрхтэн/ зүүж хэрэглэх;

7. Рентгений техникчдийн ажлын ачааллыг тооцоолж, тэнцвэржүүлэх арга хэмжээг авч ажиллах;

8. Рентген оношилгооны үед эмч, рентгений техникчид нь байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаад дотоодын хяналтыг тавьж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах, дотоодын хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

9. Рентген оношилгоог гүйцэтгэх өрөөний үүдэнд эмэгтэйчүүдэд зориулсан /жирэмсэн тухайгаа эмч, техникч нарт мэдэгдэх гэх мэт/ зөвлөмж, цацрагийн анхааруулах санамж тэмдгийг байрлуулах;

10. Рентген шинжилгээ хийх үедээ рентгений эмч нь аппаратын гэрчилгээнд заасан өндөр хүчдэл өгөх хоорондын завсарлага, үргэлжлэх хугацааг нарийн баримталж шинжилгээний үед хамгийн зөв физик-техникийн горимыг сонгож хэрэглэх,

11. Үйлчлүүлэгчийг давтан шинжилгээнд оруулахаас зайлсхийх, хөдөлгөөнт болон хувийн цацрагийн хамгаалалтын хэрэгслийг бүрэн, зөв хэрэглэх;

12. Рентген шинжилгээний үед бүсэлхийнээс дооших хэсэг, бамбай булчирхай, нүд болон биеийн бусад хэсэгт, ялангуяа бага насны хүүхдэд хамгаалалтын хэрэгслийг заавал хэрэглэнэ.

13. Бага насны хүүхдэд рентген шинжилгээ хийхэд хүнээр туслуулах зайлшгүй шаардлага байхгүй бол түүнийг хөдөлгөөнгүй байлгах тусгай төхөөрөмжийг хэрэглэнэ. Тусгай төхөөрөмжгүй тохиолдолд бага насны хүүхдэд, эсвэл хүнд өвчтэй болон өөртөө үйлчлэх чадваргүй, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст рентген шинжилгээ хийхдээ эмнэлгийн сувилагч, 18 нас хүрсэн асран хамгаалагчаар туслуулах ба цацрагийн хамгаалалтын хувийн хэрэгслээр хангасан байх;

14. Рентген шинжилгээг хийх үед шинжилгээний өрөөнд өвчтөнөөс бусад этгээдийг байлгахыг хориглоно.

15. Рентген оношилгооны үед шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээ, техникийн өгөгдлүүдийг холбогдох журналд бүртгэж, баримтжуулах;

16. Рентген оношилгооны кабинетаас өөр өрөөнд зөөврийн рентген аппаратыг ашиглахдаа дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

– Рентген аппаратыг түр буюу байнга хадгалах өрөө гаргах;

– Хамгийн цөөн хүнтэй тал руу рентген цацрагийг чиглүүлэх;

– Хүмүүсийг рентген аппаратаас аль болохоор хол зайд байлгах ба өвчтөн болон ажилтнуудад хувийн хамгаалалтын хэрэгслийг хэрэглүүлэх;

– Зөөврийн хамгаалалтын хаалтуудыг хэрэглэх;

– Зөөврийн рентген аппаратаар зураг авах тохиолдолд удирдлагыг рентген хоолойноос 2.5м-ээс багагүй зайд уртасгагч болон алсын удирдлагын тусламжтайгаар хөдөлгөөнт хамгаалах хаалтын цаанаас ажиллах;

17. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд олон хүнийг хамруулах үед 1 цаг тутамд 10 минут завсарлаж, шинжилгээ хийж буй өрөөнд бүрэн агааржуулалт хийнэ.

Зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн сүрьеэгийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрсдэлийг бууруулж, холбогдох хууль, дүрэм журмыг мөрдөж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулан, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн ажлын талаарх нэгтгэсэн тайланг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт албан бичгээр ирүүлнэ үү.

Эмнэлгийн шарлагад оролцогч талууд үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх, цацрагийн тунгийн хэмжээг аль болох бага байлгах талаарх цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөж байна.