Хязаалан насанд Ж.Уясахын бор үрээ түрүү магнайд тоосоо өргөлөө

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны морины уралдаанаар эхэлж, хурдан хүлгүүдийн түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын харъяат Ж.Уясахын бор үрээ хурдаллаа.

Ж.Уясахын энэхүү хурдан буян өнгөрсөн жилийн наадмаар шүдлэн насандаа Улсын баяр наадмын түрүү магнайд хурдалсан бол өнөө жил ийнхүү дахин төрийн их баяр наадамд түрүүлж, түмэн олноо баясгав. Түүний аав Архангай аймгийн Их тамир сумын уугуул Д.Жаргалсайхан 2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадамд хязаалан үрээгээ айргийн тавд хурдлуулж байсан юм.

Мөн 2007 онд айрагдуулж байсан бол 10 жилийн дараа хүү нь хязаалан үрээгээ улсын наадамд түрүү магнайд давхиулав. Хязаалангийн уралдаанд 304 хурдан буян бүртгүүлснээс 127 хязаалан гарааны зурхай руу мордсон юм. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн хурдан зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор үрээ, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Цагаан-Уул сумын Б.Батсайханы шарга халзан үрээ, айргийн тавд Дундговь аймгийн Дэрэн сумын Л.Эрдэнэбаярын хурдан хээр үрээ хурдаллаа.

Энэ жил хязаалан насанд 299 морь бүртгүүлснээс 175 хязааланг эрлийз гэсэн шалтгаанаар хасчээ. Наадмын хөтөлбөрийн дагуу хязаалан насны уралдаан өнөөдөр 08 цагт эхлэх ёстой ч 10 цагт гарааны зурхай руу хөдөлсөн юм.