Дундаж цалин 1.9 хувиар нэмэгджээ

ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистикийн үзүүлэлтийг энэ оны эхний 11 сарын байдлаар өнөөдөр танилцуулав. Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1573.1 мянган төгрөг болжээ.

Энэ нь 2022 оны III улирлын байдлаарх дүн бөгөөд дээрх үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 238.1 мянган төгрөгөөр буюу 17.8 хувиар нэмэгджээ. Харин энэ оны өмнөх улиралтай харьцуулахад 28.7 мянган төгрөгөөр буюу 1.9 хувиар нэмэгдсэн байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ажиллагчдын 73.2 мянга буюу 9.7 хувь нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай, харин 66.2 мянга нь буюу 8.8 хувь нь 3 саяаас дээш төгрөгийн цалинтай байгааг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд мэдээллээ. 

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-т ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1.9 сая төгрөг, хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага буюу 776.8 мянга төгрөг байна. 

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг 2015 оныхтой дүйцүүлэн авч үзэхэд  94.7 хувь нэмэгджээ. Гэсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалийн хэмжээ 25.2 хувиар нэмэгджээ.

Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 4.5 сая төгрөг байна.