"Богд хаан" төмөр замын үнэ өндөр байгаа тул үйл ажиллагааг нь түр зогсоох чиглэл өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгосон байна. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсонтой холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн аж. 

Мөн оптейк гэрээгээр бүтээн босгосон Зүүнбаян, Гашуун сухайт, “Богд хаан” төмөр замын ажлын явц, үр дүн, санхүүжилттэй холбоотой Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонсов. Үүнтэй уялдуулж Зүүнбаян, Тавантолгой төмөр замын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах, төмөр замуудын холболтын ажлыг яаралтай дуусгах, "Богд хаан" төмөр замын үнэ өндөр байгаа тул үйл ажиллагааг нь түр зогсоож, үнийг бууруулах чиглэлийг МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн сайдад өгчээ.