Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 1 дүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий,  Хөвсгөлийн уулсаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.