Хаягийн бүртгэлээ цахимаар шалгах үйлчилгээг нэвтрүүллээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаяг дээр хаягийн бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг энэ сарын 19-нөөс нэвтрүүллээ. 

Дээрх цахим хуудсаар нэвтэрч байнга оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой юм. Зөрүүтэй гэж мэдэгдсэн тохиолдолд тус байгууллагаас иргэний ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, хариуг мэдэгдэх аж.

Мөн өөрийн байнга оршин сууж байгаа хаягийн бүртгэлээ өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгж, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр шалгах боломжтой болохыг мэдээлэв. 

Хэрэв шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх бол байнга оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр гаргах боломжтой.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан болно. Иймд Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг зөвлөлөө.