Ханги-Мандал боомтын экспортын тээвэрлэлтийг эхлүүлэв

Нүүрс ачсан 2 дахь удаагийн 50 вагонтой галт тэрэг өнөөдөр 6047 тн ачааг тээвэрлэж, Ханги-Мандалын боомтоор экспортоллоо.

Энэ сарын 4-нд 50 вагонтой эхний галт тэрэг “Тавантолгой өртөө”-нөөс хөдөлж “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар амжилттай аялан Ханги боомтод хүрснийг Монголын төмөр зам компани мэдээлсэн юм.

Боомтын сэргэлтийн хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж экспортыг нэмэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.