Их цэвэрлэгээний үеэр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ

Зөвлөгөөний үеэр УБЗАА-ны холбогдох хэлтсүүд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 17-нд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, инженер хангамж, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 13645 аж ахуй нэгжийн 24310 хүн оролцсон юм. Ийнхүү нийтийн эзэмшлийн 513,828 ам метр талбайн 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн байна.

НИТХ-ын тогтоолоор баталсан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журамд "энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх шөнийн хуваарьтай байна" гэж заасан байдаг. Уг заалтын дагуу зургаан дүүргийн хэмжээнд зориулалтын 31 машин шөнийн цагаар хог тээвэрлэж байна. Цаашид өглөө, өдрийн цагаар авто замын түгжрэл, төвлөрөл үүсдэг байршлуудад шөнийн ээлжийн хог тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан онцолж байлаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 29 хоногийн хугацаанд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 16243 толгой мал гаргаад байна. Уг ажилд 10 байгууллагын 1431 ажилтан, албан хаагч, 52 морьт эргүүл, 242 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хориглосон бүсээс мал гаргах ажлыг богино хугацаанд зохион байгуулж, албан хаагчид, иргэд олон нийтийг дайчлан оролцуулсан дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлсэн юм.