Зайсан тойруугийн замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулсан нь үр дүнтэй байв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцуулав.

Хотын төвийн хөдөлгөөн ихтэй гудамж, замуудын ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсангийн гудамж замд цагдаа нар хөдөлгөөн зохицуулалт хийж, оргил ачааллыг бууруулдаг байсан. Энэ нь эргээд Дүнжингарав буюу Уулын зам, Зайсан тойруу, Наадамчдын замд сөргөөр нөлөөлдөг байжээ. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг 21 хоногийн хугацаанд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчилсөн. Ингэснээр Наадамчдын зам /Нисэх, Яармаг/-ын баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37, Чингисийн өргөн чөлөө /Энхтайваны гүүр/ хойноос урагш чиглэлд 44, Энхтайваны өргөн чөлөө зүүнээс Энхтайваны гүүр чиглэлд 28 хувиар тус тус нэмэгдсэн байна. Өмнө нь оргил ачааллын үед тус замд тээврийн цагдаагийн найман алба хаагч нэг автомашинтайгаар 15:00-20:00 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж, хөдөлгөөн зохицуулдаг байсан. Тэгвэл өдгөө дээрх зохицуулалтыг хийх шаардлагагүй болжээ. Цаашид бусад замд ийм зохицуулалт хийхээр судалж байна. Ингэснээр замын нэвтрэх чадвар хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэх гэнэ.

Зөвлөлийн гишүүдийн хувьд дээрх зохицуулалт үр дүнтэй байгааг онцолж, цаашид энэ мэт зохицуулалтыг шаардлагатай замуудад хийх хэрэгтэйг дурдаж байлаа.