Нийслэлийн нутаг дэвсгэрийн 98 хувь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байна

 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг байна. Гэтэл он гарснаас хойш өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийн 300 чичирхийлэл бүртгэгдсэн тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ талаар өнөөдөр болсон “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан мэдээлсэн юм.

Улаанбаатар хотод Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2012-2013 онд хийсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төслийн судалгаагаар, нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдөлбөл төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолжээ.

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод нийт 335.105 барилга байгууламж байдаг. Төвийн бүсийн барилга байгууламжийн 5 хувь 40-ээс дээш жил, 30 хувь нь 10-40 жил, 49 хувь нь 10 хүртэл жилийн насжилттай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Байгалийн гамшиг хэзээ ч хэлж ирдэггүй бөгөөд шинжлэх ухааны салбар ч урьдчилан тогтоох боломжгүй байна. Харин мэргэжлийн байгууллагууд хамгийн өндөр магадлалыг тооцож байна. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжөөр Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн 6 том хагарал байгаа. Мөн ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгааны хүрээнд өгч буй зөвлөмжөөр мөн Улаанбаатар хотын дундуур хагарал байх магадлалтай байна.

1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Тэгвэл он гарснаас өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн 300 чичирхийлэл бүртгэгдсэн байна. Тиймээс ямар ч зориулалтынх байсан бүх барилга төлөвлөхөөсөө эхлээд барих, ашиглалтад оруулах бүх үйл явцад стандартаа мөрдөх нь л чухал байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2021-2022 онд иргэдээс ирүүлсэн нийт гомдлын 75.2 хувь нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах, барилга байгууламжийн зориулалтыг хянуулах, барилга байгууламжийн ажлыг зогсоох тухай байгааг хэллээ.

Тэрбээр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг чанд мөрдөөгүйгээс барилгын ажлын угсралт, улсын комисст хүлээн авах хүртэлх бүх үе шатанд хууль, журам, норм дүрэм зөрчигдсөөр байна. Тиймээс эдгээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, шийдэл олоход бүх талын оролцоог хангахаар зорилгоор өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэв.