Шайбтай хоккейн ДАШТ маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ.

Улаанбаатар хот дахь "Steppa Arena" мөсөн хотхонд 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол, Кувейт, Филиппин, Индонез улсын багууд өрсөлдөх бөгөөд оролцох багууд бүгд нийслэлд ирж, өчигдрөөс мөсөн талбайтайгаа танилцаж бэлтгэл хийсэн байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол  өгч байгаа.

Өнөөдрийн 14 цагийн байдлаар хэвлэл мэдээллийн төлөөлөгч О.Зулбэлтэй холбогдож, шинэ мэдээлэл сонирхоход “Ирсэн зочин багууд мөсөн талбайтайгаа танилцаж бэлтгэлээ хангасан. Нийт 120-иод хүн ирээд байгаа. Өчигдөр Филиппиний тамирчин Жулиус Саньтяго-той уулзаж ярилцлага хийхэд манай Мөсөн өргөөг маш цэвэрхэн, их шинэлэг, стандартын дагуу баригдсан, үзэгчдийн тоо ч олон байхаар зохион байгуулагдсан, үнэхээр гоё байгууламж байна гэсэн. Тэгэхээр нь танай улсад ийм мөсөн өргөө хэр олон байдаг вэ гэж асуутал “нэг бий” гэсэн боловч 2000-аас дээш суудалтай мөсөн өргөөний зураг олж тавих гээд хайгаад олоогүй” гэлээ.

Гурав хоног үргэлжлэх Хоккейн IV Дивизионы ДАШТ-ий нэг өдрийн тоглолтын үнэ 50 мянган төгрөг аж. Тухайн өдрийн хоёр тоглолтыг үзсэн ч, нэгийг нь үзсэн ч үнэ адил. Зэрэглэлдээ бус Монголд анхны ДАШТ болно гэдэг л өөрөө чухал үзүүлэлт юм. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногийг дуулиан шуугиантай өнгөрүүлсэн монголчууд энэ долоо хоног ч гэсэн догдлолоо барьж дийлэхгүй бололтой. Өдөрт хоёр тоглолт явагдах бөгөөд Монголын баг дандаа хоёр дахь тоглолтод багтсан байгаа.

Тэмцээний эхний тоглолт 3 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагаас Филиппин, Индонез улсын шигшээ багуудын хооронд болж, 17.30 цагаас албан ёсны нээлтийн арга хэмжээ болох юм. Харин Монгол, Кувейт улсын баг 18.00 цагаас тоглоно.

Тоглолтын хуваарь:

2023.03.23

14:00. Филиппин - Индонез

18:00. Кувейт - Монгол

2023.03.25

14:00. Индонез - Кувейт

18:00. Филиппин - Монгол

2023.03.26

14:00. Кувейт - Филиппин

18:00. Индонез - Монгол