“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилгоор “Бэлэн бай” аян зохион байгуулж буй. Энэ хүрээнд Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, мөн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн зүүн өмнөд бүсэд газар хүчтэй хөдөлж, олон хүний амь эрсдэж, барилга байшин нурж их хэмжээний хохирол учирсан үед Монголын баг гамшгийн бүсэд ажилласан юм. Гамшгийн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, аврах ажиллагааг харуулсан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 23, 24-нд буюу хоёр өдөр үргэлжлэх юм.