Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг байнгын ашиглалтад хүлээж авлаа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Улсын комисс хүлээн авснаар байнгын ашиглалтад орууллаа.

БХБ-ын сайдын энэ оны 5 дугаар сарын 29-ний 125 дугаар тушаалаар байгуулсан Улсын комисс өчигдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгаврыг хангасан хэмээн үзэж Улсын комиссын гишүүдийн саналаар ашиглалтад оруулжээ. Энд Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, 233.6 км төмөр зам болон ачилтын тойрог зам орж байна.

Эргэн мэдээлэхэд, Монгол Улсын төр, засгаас хилийн бүх боомтоо авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт тавьж, үүнийг УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусган төрийн бодлого болгоод байгаа юм.

Улмаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг хоёр орны хилийн боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг өнгөрсөн оны 2 дугаар сард эцэслэн тохиролцсон юм. 

Энэхүү зөвшилцлийн хүрээнд:

  • 2022 оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, ердөө 8 сарын дотор баригдаж, 11 дүгээр сарын 25-нд ашиглалтад орсон.
  • 2022 оны гуравдугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн.
  • 2022 оны есдүгээр сарын 9-нд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсвийг хийсэн юм.
  • 2022 оны долдугаар сарын 2-нд Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлж,
  • баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын түүхэн эхлэлийг тавиад байгаа юм.