Олон улсын эрдэмтэд тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна

“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт 13 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2017.08.14/ ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд эхэллээ. Хурлыг нээж БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар үг хэлсэн юм. Үүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хуралд оролцогчдод амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.

Хөрш гурван улсын анхны эрдэм шинжилгээний бага хурал 2004 онд “Хөгжиж буй орнууд дахь нийгмийн трансформаци” сэдвийн хүрээнд зохиогдож байсан бол дараагийн хурлууд нь “Төв болон Зүүн өмнөд Азийн улс орнууд дахь “нээлттэй нийгэм”-ийн төлөвшил ба аялал жуулчлал”, “Хөгжиж буй улс орнуудын ардчилал: туршлага, асуудал, хэтийн төлөв” (2006); “Хөгжиж буй улс орнууд дахь даяарчлал ба нийгмийн өөрчлөлт” (2007); “Хөгжиж буй улс орнууд дахь олон улсын харилцаа” (2008); “Хөгжиж буй улс орнууд дахь нийгмийн тулгамдсан асуудал” (2013 ); “Хүн төрөлхтөний соёл иргэншил ба байгалийн шинжлэх ухаан” (2015) сэдвээр тус тус зохиогдож байжээ.

Харин  энэ удаагийн бага хурал “Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Хуралд Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын Их сургууль, БНХАУ-ын Нефтийн Их сургуулийг төлөөлсөн судлаачид оролцож байгаа нь өмнөх хурлуудаас хамгийн олон оролцогчидтой хурал болж байгаагаараа онцлог.

Хуралд “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц ба соёлын асуудал”; “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц ба нийгмийн хандлага”; “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: буддизм ба философийн асуудал, хандлага”; “Тогтвортой хөгжлийн үйл явц дахь хөрш орнуудын хүн амын шилжилт хөдөлгөөн ба нийгмийн төлөв хандлага” гэсэн үндсэн чиглэлээр хуралд оролцогч гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тус хурлын зорилго нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын жишээн дээр тогтвортой хөгжлийн үйл явц, нийгэм, соёл, боловсролын өөрчлөлтийн өнөөгийн байдал болон тогтвортой хөгжлийн цаашдын хандлага, нөлөөлж буй хүчин зүйлийн асуудлыг голлон авч үзэж, эрдэмтэн судлаачдын дунд судалгааны ажлын үр дүн, шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл солилцох, хуралд оролцогчдын санаа бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн асуудлын гарц шийдлийг олоход оршиж байна. Хурал өнөөдөр “Континентал” зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.