"60 тэрбумын" буюу НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь

НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. Тэдний хэлу буйгаар “МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ. Тиймээс МАН-ын гишүүдийн зүгээс энэ бичлэгийг эвлүүлэг биш бодит бичлэг гэж үзэж байгаа учраас бид ч гэсэн НИТХ-ын ээлжит сонгуулийг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэн юм.

Тиймээс НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 31-ний өдөр хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж НИТХ-ын АН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16, АН-ын 11 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. НИТХ-ын дүрмийн дагуу НИТХ-ын ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр хуралдуулдаг аж. НИТХ 45 гишүүнтэй бөгөөд одоогоор ээлжит бус хуралдааныг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зуржээ.

Мөн НИТХ-ын АН-ын бүлгээс МАН-ыг энэ зун бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй улстөржсөөр байгаад харамсч байгаагаа илэрхийллээ. Энэ зун нийслэлд 16 цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөн баталсан ч одоогийн байдлаар таван барилга 50 хувьтай, дөрвөн барилга 50 хувьд хүрээгүй, долоон барилгын ажил огт эхлээгүй байгаа аж.

Сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусах биш зарим нь огт эхлээгүй байна. 16 ажлын 7-н нь "0" гүйцэтгэлтэй