Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

CADRI үнэлгээний баг болон ОБЕГ-ын төлөөллийн хамтарсан ажлын хэсэг Сүхбаатар, Дундговь, Увс аймгуудад ажиллалаа. CADRI нь НҮБ-ын систем, Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг зэрэг нийт 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн олон улсын түншлэл бүхий үнэлгээний баг. Тус баг уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нэгдсэн уялдаатай шийдлүүдийг эрэлхийлдэг. 

Тиймээс энэ чиглэлийнхээ дагуу Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд дээрх аймгуудын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцооны чадавхыг үнэлэх ажлыг хийж байна. Түүнчлэн учирч буй хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох замаар эрт зарлан мэдээлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах чадавхыг ч  үнэллээ.

Үр дүнгээс хамааран Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах тэргүүлэх чиглэлд ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын стандартыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх юм гэж Онцгой баййдлын ерөнхий газраас мэдээллээ.