Монголын дотачид Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөлөө. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв.

Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ.

Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртэж байгаа нь энэ юм.

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “IHC Esports” баг хэсгийн шатандаа Узбекистаныг хожсон ч Мьянмарт ялагдаж, улмаар гурван баг оноо тоолон Монгол хэсгээ тэргүүлсэн.

Тэд хасагдах шатанд Казахстаны хүчирхэг багийг 2:1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд Киргизийн багийг 2:0 гэсэн харьцаатай буулган авсан билээ.