Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалга хийх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, үүн дээр суурилан Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран, хотын эдийн засгийг тэлэхэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийг хотод үлдээх түүхэн шийдвэр гарч, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 9000 орчим гарааш буулгаж, ногоон байгууламж болгох ажил үргэлжилж байна. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа. Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт ч үргэлжилж байна. Анх удаа дотоодын компани Зайсангийн гүүрийг есөн сарын хугацаанд ашиглалтад орууллаа. Яармагийн гүүр гүүрийг үндэсний компани барьж байна. Ард Аюушийн өргөн чөлөөний замыг олон жил ярьсан ч ажил хэрэг болж чадахгүй байсныг эхлүүллээ. Энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулна. Түүнчлэн Тойрог хурдны зам, “Эрдэнэс Баянбогд” төсөл, метро, Улаанбаатар хотын бондын ажил цаашид үргэлжлэх ёстой. Мөн Улаанбаатар хотын багц хуулийг батлах шаардлагатай. Ингэснээр хотын эдийн засаг тэлж, нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийднэ.
Хотын ажлыг нийслэлийн харьяа агентлагууд нугалдаг. Ковид болон үерийн үед хамтран ажиллаж, ачааны хүндийг үүрэлцсэн бүх хүнд талархал илэрхийлж байна. Хот гэдэг том айл. Асуудлыг тухай бүр шийдээд явсан бол өнөөдрийн энэ тулгамдаад байгаа асуудлууд үүсэхгүй байсан. Цаашид сайн ажиллахыг хүсье. Хотын ажлыг бүх талаас нь дэмжиж ажиллана” хэмээлээ.
Дүүргүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна
Мөн дүүргүүдийн Засаг дарга нараас өвөлжилтийн бэлтгэл болон хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлсөн талбайд хийж байгаа тохижилтын ажлын талаар тодрууллаа.
Налайх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай, давсны 25 тонн нөөцтэй. Орон сууцны дундах гараашнуудыг буулгаж, 3000 ам метр талбайг чөлөөлж, тохижилтын ажил хийжээ. Цаашид гарааш буулгасан долоон байршилд тохижилт хийнэ. Харин Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай. 438 тонн давс, 135 тонн бодисын нөөцтэй. Нэмэлтээр 1000 тонн давс, бодис, хайргыг худалдан авах гэнэ. Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 95 төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна. Гурван жилийн хугацаанд 1800 орчим гарааш буулгасан бөгөөд таван байршилд авто зогсоол байгуулж, найман байршилд зураг төсөл хийсэн бол 17 байршилд явган зам, авто зогсоол, дугуйн зам хийж байна.
Баянзүрх дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 78 хувьтай, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. 2022 онд 1280 гарааш, 15,360 ам метр талбайг чөлөөлсөн бол энэ онд 202 гарааш, 2424 ам метр талбайг чөлөөлжээ. Баянгол дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 93 хувьтай, зам засварын ажил бүрэн дууссан. Энэ жил 782 гарааш чөлөөлөхөөс 560-ыг буулгаж, тохижилтын ажил хийж байна. Чингэлтэй дүүрэгт зарим, сургууль цэцэрлэгт хүндрэл учирсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэл 91 хувьтай, давс, бодис, түлшний нөөц хангагдсан. Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж буйг хэлж байлаа. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна.
Хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хүний амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов.