Төв Азийн бүсийн Р53, Р65 төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна

Био аюулгүй байдлын асуудал нь шинжлэх ухааны ололт амжилт, мэдлэг мэдээлэл, оролцогч талуудын олон талт хамтын ажиллагаанд тулгуурладаг.

Монгол Улс Европын холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчныг сайжруулах, салбарын холбогдох мэргэжилтэн, албан хаагчдыг чадавхжуулах, хими, биологийн хог хаягдлын менежментийн чиглэлээр Төв Азийн бүсийн Р53, Р65 төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

2022-2024 оны хооронд “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон бусад эрүүл мэндийн аюулын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” Р87 бүсийн төслийг Төв Азийн Казакстан, Киргизстан, Пакистан, Узбекстан, Тажикстан болон Монгол улсад хэрэгжүүлж байгаа.

P87 төсөл нь үндэсний сургагч багш нарыг бэлтгэх, үндэсний сургалтуудыг зохион байгуулах, нийтийг хамарсан үйл ажиллагааны үеийн хүнсний эрүүл ахуй, хүнс болон ундны усны аюулгүй байдлыг сайжруулах замаар халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээний чадавхыг сайжруулах, шаардлагатай зарим нөөцөөр дэмжлэг үзүүлэх, хөрш орнуудтай хамтран ажиллах бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

Р87 бүсийн төслийн хүрээнд:

Эрүүл мэндийн удирдлага, хяналт, харилцаа холбоо (C3), химийн ослын хариу арга хэмжээ, хүнс, ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах, чадавхыг шалгах сургалтын хөтөлбөр, дасгал ажиллуулах;

-Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн чадавхыг бэхжүүлэх;

-Оролцогч талуудыг үүргээ гүйцэтгэхэд нь зарим шаардлагатай мэдлэг, мэдээлэл, нөөцийн дэмжлэг үзүүлэх;

-Төв Азийн орнуудад нийтийг хамарсан үй ажиллагааны үеийн болон эрүүл мэндийн бусад аюулын бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулахын тулд хөрш орнуудтай хамтран ажиллах бүс нутгийн боломжийг судлах асуудлаар хамтран ажиллаж байна.

-Төслийн хүрээнд бэлтгэгдэж буй үндэсний 16 сургагч багш, тус төслийн олон улсын зөвлөх, мэргэжилтнүүдийн хамтран 4 удаагийн сургалт зохион байгуулах юм.

Өнөөдөр “Нийтийг хамарсан үйл ажиллагааны үеийн эрүүл мэндийн удирдлага, хяналт, харилцаа холбоо”, “Нийтийг хамарсан үйл ажиллагааны үеийн химийн ослын хариу арга хэмжээ” сэдвийн дагуу 41 байгууллагын 50 гаруй мэргэжилтэн, албан хаагчдыг хамруулсан сургалт, семинарыг зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны нээлтэд Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Aксель Никэйз, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга бөгөөд Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Уранчимэг, Р87 бүсийн төслийн олон улсын багийн ахлагч Эндрю Проудлов болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.