МАН: Замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Улаанбаатар  хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй танилцаад, агуулгын хувьд хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд тусгасан татварын өөрчлөлтүүдтэй холбоотой асуудлыг судалж, нухацтай авч үзэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн” гэлээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус хуралдаанд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслөөр танилцуулга хийсэн байна. Тус төсөлд нийслэлийн төвийн дүүргүүдэд орон сууц барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлэх, орон сууц барьсан тохиолдолд аж ахуй нэгжүүдийг гааль, НӨАТ-аас хөнгөлөх зэрэг таатай нөхцөлийг тусгасан заалтууд орсон байна. Мөн газар чөлөөлөхтэй холбоотойгоор үүсэх газрын үнэлгээний асуудлыг нийслэл болон Засгийн газрын түвшинд хэлэлцээд, УИХ-д танилцуулах аж.