НӨАТ-ын буцаан олголтыг баасан гаргаас олгож эхэлнэ

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгож эхлэх аж.

Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12.59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна. Нийт 34104 хүн хөрөнгийн татварт 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.

Сонирхуулахад, 2023 оны хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1190718 иргэний дансанд 73.5 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм.