Хотын дарга тулгамдаж буй асуудлыг шийдэх төлөвлөгөөгөө танилцуулав

Нийслэлийн Засаг даргаар томилогдоод 20 гаруй хонож буй Х.Нямбаатар Улаанбаатар хотын 384 жилийн ойгоор тулгамдаж буй асуудлаас хэрхэн ангижрах төлөвлөгөөгөө танилцуулсан нь олны анхаарлыг татаж байна.

Анхаарал татахын хэрээр иргэдийн эгдүүцлийг хүргээд амжив. Тэрбээр ажлаа авахдаа давс мэт шорвог гаргахаа хэлж байсан нь биеллээ олж байх шиг. Түүний ажил нь түгжрэлийг бууруулах багц хуулийн төслөөс эхэлж байна. Энэ нь хотын төвийн зогсоолуудыг шийдэх, бүсчлэн татвар тогтоох, автомашины нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх зэрэг олон ажил хийхээр төлөвслөснөө танилцуулав. Хотын дарга түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хотын төвийн бүсийг төлбөртэй болгож, гэр хорооллыг орон сууцжуулах дөрвөн сэдвийг онцолсон байна.

Х.Нямбаатар дарга танилцуулгынхаа өмнө хэлэхдээ “Ойрын хугацаанд автомашины дугаар олголтыг хязгаарлах бодлогыг хуулийн төслүүдэд тусгасан. Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлах бодлого барихгүй. Автомашины дугаар эзэмшигчид дугаараа бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломж бүрдэнэ. Гагцхүү тухайн иргэн өөрөө шинэ машин авах тохиолдолд өөрийнхөө эзэмшиж буй авто машиныг хөдөө орон нутагт худалдаалах, авто машинаа устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг оруулж ирнэ” гэв.

Түүний төлөвлөгөөнөөс заримыг нь онцлоё.

  • Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хийнэ. Ногоон автобусны дуулиан дарагдаагүй байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой олон улсын тендер зарласан. Ирэх арваннэгдүгээр сарын 24-нд  тендер шалгаруулах төлөвлөгөөтэй. 700 орчим евро стандартын шаардлага хангасан автобусаар парк шинэчлэл хийнэ.
  • Улаанбаатар хотын арын өндөр дэнжүүдийг авто замаар бүрэн холбох, дунд оврын эргэлтийн автобусыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна.
  • Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэх мэт гол замуудын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, авто замын зохицуулалтыг 2024 онд хийнэ.
  • Авто замын сүлжээг өргөсгөх, кольцо тойрог замыг өргөсгөх төлөвлөлтийг хийх зардлуудыг ирэх оны нийслэлийн төсөвт тавих төлөвлөлт хийгдэнэ. Зураг төслийн ажлууд ид дундаа орж байна.
  • Иргэд торгуулиа төлөх, авто зогсоолын төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхийг шаардана.
  • Төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирнэ. Эхний ээлжид Баруун дөрвөн замаас-Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайвны гүүр хүртэлх бүсэд төлбөр тогтооно. Төлбөртэй бүсэд орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчимд төлбөргүй зогсоолд  машинаа тавиад хотын төв рүү алхах, дугуй унах, скүүтэр гэх мэтээр явах хангах бэлтгэл ажлыг хийж байна.
  • Улаанбаатарт гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх бодлого дэвшүүлж буй. БНХАУ-ын төрийн өмчит метро барьдаг компанитай хамтран ажиллах боломж, нөхцөлийг судалж, танилцуулах асуудлаар хоёр улсын төрийн тэргүүн хоорондын яриа хэлэлцээр амжилттай болсон. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, метро, тойрог хурдны зам байгуулах УИХ, Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулна. Метроны асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг ахална.
  • Гэр хорооллыг богино хугацаанд орон сууцжуулна. Ингэхдээ зургаан дэд төвийн дэд бүтцэд суурилж, газар чөлөөлөлт хийж цогцоор нь хөгжүүлнэ. Үүнээс Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дууссан. Бусдад нь дэд бүтэц хийх, инженерийн шугам сүлжээ татах ажил хийж байна. Сэлбэ дэд төвд 12 мянга, Баянхошуу дэд төвд 6000 гаруй айлын орон сууц босно.