БНХАУ-ын Уул уурхай, Соёл, Аялал жуулчлалын групп төрийн өмчит компанийн удирдлагын багтай уулзлаа

Монголын Эдийн засгийн форумын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б. Бат-Эрдэнэ Жан Жипэн тэргүүтэй БНХАУ-ын Уул уурхай, Соёл, Аялал жуулчлал /China Mining Cultural Tourism Group/-ын групп төрийн өмчит компанийн удирдлагын багтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан айлчлал хийхдээ хөрөнгө оруулалтыг чухалчлан ажилласан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс Олон Улсын компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллахад хууль эрхзүй болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд дурдав.

БНХАУ-ын Уул уурхай, Соёл, Аялал жуулчлал /China Mining Cultural Tourism Group/-ын группийн хувьд нийт 20 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг олон салбарт хийж байгаагаас Аялал жуулчлалын салбарт 4 тэрбумын хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгаа. 800 сая бүртгэлтэй аялал жуулчлалын компанитай. Ихэвчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаагаа танилцууллаа.

Мөн Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тэр дундаа Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

”Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд АХБ-ны санхүүжилтээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд хийгдээд явж байгаа” гэдгийг Сайд Б.Бат-Эрдэнэ онцлоод тус бүтээн байгуулалтуудыг түшиглэн аялал жуулчлалын бүс болгох, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлд хүргэх зорилготой ажиллаж байгаа.

2023 оны 5 дугаар сард шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулах боломжуудыг тусгаж өгсөн. Манай улсын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яам хэмээн Аялал жуулчлал нь Байгаль орчинтойгоо уялдан явдаг учир бүхий л үйл ажиллагаандаа байгальд ээлтэй чиглэлийг баримтлан ажиллаж байгааг онцлов.

Талууд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ, санамж бичиг байгуулах, хамтарсан ажлын хэсэг гаргах зэргээр цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэхэд нээлттэй байгааг илэрхийлэв.