Баянгол дүүрэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

Баянгол дүүрэг нийслэл Улаанбаатар хотын бусад дүүргүүдээс хамгийн анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулж, түүхэндээ нэгэн гэрэлт хуудас нэмлээ. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар паласын концертийн их танхимд ёслол төгөлдөр болж улс орныхоо нэр хүндтэй шагналыг гардан авч буйдаа сэтгэл нь догдолж, баярын мишээл царайд нь тодорсон Баянголчуудаар танхим дүүрэн байлаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа,Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ынтөлөөлөгч Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, ДИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн харьяа хэлтэс, албадын удирдлагууд болон үе үеийн удирдлагууд,хүндэт иргэд оролцож, ажиллаж, амьдарч, төрж өссөн дүүрэгтээ хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүндэтгэтгэлийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдрийн энэ Баянголын бүтээлцсэн олон хүн бий, Энэ дүүргээс сонгогдсон гишүүний хувьд, Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд эдгээр хүмүүст чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье. Мөн энэ дүүрэгт ажиллаж байсан үе үеийн удирдлага, ажилтнууд дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан ажиллаж байсан, ажилласаар ч байгаа бүх хүмүүст баярлалаа. Гэхдээ Баянгол дүүргийн хөгжлийг зөвхөн сүүлийн дөрөв, таван жилээр дүгнэж болохгүй юм. 1965 онд анх манай дүүргийн суурь тавигдаж байсан юм шүү. Өнөөдөр энэ дүүргийг өнөөдрийнх шиг хөгжил дагуулсан дүүрэг болоход Баянгол дүүргийн бүх иргэдийн сэтгэл зүрх байсан. Би Баянголчуудаараа бахархаж байна” гэсэн бол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардан авах үедээ “Хөгжил дагуулсан хагас зуун жил, шинэчлэлийг эхлүүлсэн он жилүүдэд Баянголчууд бидний хийж бүтээсэн бүхнийг төрөөс өндрөөр үнэлж төрийн дээд одонг дүүргийн маань туганд, бас иргэн бүрийн зүрх сэтгэлд гялалзуулж өглөө. Үүний зэрэгцээ ирээдүй хойчийнхоо төлөө улам ихийг бүтээх ирмүүн сэтгэл, асар их хариуцлагыг ногдууллаа” хэмээн онцолсон юм.

Баянгол дүүрэгт 2012 оноос хойш хийгдсэн бүтээн байгуулалтууд нь иргэн рүүгээ, хүн рүүгээ чиглэсэн байдгаас тодруулбал бүх шатны14 эмнэлэгийг ашиглалтад оруулж, ерөнхий боловсролын сургуулийн суудлийг 8300-аар цэцэрлэгийн суудлыг 1800-аар нэмэгдүүлсэн зэрэг нь юм. Үүнээс гадна “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”-өөс  гаргасан бие даасан судалгаагаар өрсөлдөх үндсэн чадвар болох “Амьдралын чанар”, “Амьдрах орчин”, “Аюулгүй байдал”, “Засаглал”, “Эдийн засаг”-ын хувьд, түүнд багтах 15 дэд сэдвийн хүрээний 150 индексээр Баянгол дүүрэг нийслэлийнхээбусад дүүргээс тэргүүлжээ.