И-Монголиагаар жолооны үнэмлэх захиалах боломжтой болжээ

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол иргэн нь тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэд үнэмлэхээ И-Монголиагаар захиалах боломжтой болсон байна.

Иргэд үнэлгээний болон эрүүл мэндийн үзлэгийн хуудас, фото зургийг тухайн төвийн шалгуулагчид урьдчилан хүлээлгэн өгснөөр И-Монголиар платформоор дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхийг захиалан авах юм. Харин жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн авах, жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах, хуучирсан үнэмлэхээ солих бол шууд захиална.

Энэ удаагийн шинэчлэлтээр мэдээллээ чагтлаад үргэлжлүүлэх үед иргэний бүртгэлийн мэдээлэлтэйгээ харьцуулан харж болох давуу талтайгаас гадна иргэн жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч регистрийн дугаар болон овог нэр, цусны бүлгийн зөрүүтэй зэрэг мэдээллийг засуулахад үйлчилгээний цэсийн талбар бүрд холбогдох мэдээлэл тэмдэглэлийг оруулснаар зөрүүтэй мэдээллээ засаж, хэвлүүлэн авах боломжтой болсон байна.

Тэгвэл Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хасагдсан, хязгаарлагдсан болон зөрчлийн оноо дууссан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй ажээ.