50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

Өвлийг угтан зуны улиралд 120 мянган тонн шахмал түлш бэлтгэдгээс одоогоор 50 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна.

Есдүгээр сард 120 мянган тонн шахмал түлш нөөцөлж дуусахыг өвлийн бэлтгэл хангах, айл өрхийг шахмал түлшээр хангах хүрээнд хийж буй ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзах үеэр мэдээлэв. 


Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг. Эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Тавантолгой түлш ХХК нийт 650 цэгээр дамжуулж, нийслэлийн 7 дүүргийн 200 мянган өрхөд нүүрс борлуулж байгаа. Тавантолгой түлш ХХК сайжруулсан түлш бэлтгэхдээ дотоодын барьцалдуулагч /Доломит/ нэвтрүүлснээр шаталтаас ялгарах хүхэрлэг хийг 30-50 хувь бууруулж байгаагаа уулзалтын үеэр онцолжээ.

Тус компанийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг, “Манай байгууллага нийслэлийн агаарын бохирдлыг багасгах, шахмал түлш үйлдвэрлэхээр “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас 5 жилийн турш үнэ төлбөргүй нийлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан тул шахмал түлш үйлдвэрлэхэд эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлингийн нөөцийн асуудал үүсээд байна. Одоогоор нөөцөд 230 мянган тонн мидлинг бий. Жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг. Цаашид 300 мянган тонн мидлинг хэрэгтэй” хэмээв.

“Таван толгойн түлш” ХХК-ийн лабораторийн эрхлэгч Х.Галанбек, “Олон улсад шахмал түлшний чийгийг 10-15 хувь гэж тооцдог. Бидний үйлдвэрлэж буй шахмал түлшний чийг 2019 онд 10 хувьтай байсныг 2022 онд зургаан хувьд хүргэж бууруулаад байна. Шахмал түлшний 97-98 хувь нь эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлинг үлдсэн нь барьцалдуулагч байдаг. Шаталтаас ялгарах хүхэрлэг хийг бууруулахаар дотоодын барьцалдуулагчийг нэвтрүүлж байна” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, "Таван толгой ХХК-д угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээг сунгах, худалдан авахыг Энержи Ресурс ХХК-ийн төлөөлөлтэй, нүүрс тээвэрлэлтийн талаар Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулъя. “Таван толгойн түлш” ХХК төсвийн судалгааг хийж танилцуул" гээд, шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.