Хүн бүр сонирхдог ч тэр бүр зориглон ордоггүй шүхрийн салбарт томилогдсон минь албандаа эргэлтгүй зүтгэхийн эхлэл болсон

“Хязгааргүй мөрөөдлийг тээж, түүнийхээ төлөө өөрийгөө дайчлан, хичээж байгаа хүн бүр хамгийн “үзэсгэлэнтэй” харагддаг. Хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг. Өнөөдөр биш ч маргааш нь заавал биелдэг юм, зорьж л чадвал хэмээн ярих дэслэгч Энхмэндийн Ширнэнг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Тэнгэрийн цэнхэр мандалд дүүлэн нисэх зоригт шонхор, энхийг сахиулагч, спортын олон төрлийн амжилтын эзэн тэрбээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч, шүхрийн ахлах зааварлагчаар ажилладаг юм.

-Би Хөвсгөл аймгийн Их Уул сумынх. Айлын том хүү. Төрж, өссөн сумандаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 2008-2012 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцан, жудо самбо бөхийн дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөнөөс хойш жудо бөхөөр хичээллэж байгаад “Аврагч” спорт хорооны тамирчин болох зорилготой 2013 онд тухайн үеийн Хууль сахиулах их сургуулийн /одоогийн ДХИС/ Ахлагчийн сургуульд элсэн орж, суралцсан. Ингээд хүн бүр сонирхдог ч тэр бүр зориглон ордоггүй шүхрийн салбарт томилогдсон минь Онцгой байдлын албандаа эргэлтгүй зүтгэхийн эхлэл болсон. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад шүхэрчин аврагчаар есөн жил үүрэг гүйцэтгээд 2022 онд тус бригадын Агаарын ажиллагааны салбарын II бүлгийн даргаар томилогдон, дэслэгч хэмээх эрхэм цолыг хүртэж, 2023 оноос хойш Агаарын ажиллагааны салбарын захирагч, шүхрийн ахлах зааварлагчаар ажиллаж байна.

-Шүхэрчин аврагчаар үүрэг гүйцэтгэснээс хойш 11 жилийн хугацаанд нийт 198 удаагийн шүхрийн буулт хийсэн. Манай салбар нь агаараас эрэн хайх, гамшиг, аюулт үзэгдлийн голомтод машин техникээр хүрэх боломжгүй болсон үед агаараас дэмжлэг үзүүлэх. Ой, хээрийн түймэр унтраах, десантчин аврагчдыг буулгах төхөөрөмжөөр ослын голомтод буулгах, хэт өндөр болон дунд түвшний өндрөөс онгоцноос чөлөөт уналт хийж шаардлагатай мэргэжилтэн, эмч, эмнэлгийн зааварлагчийг богино хугацаанд тээвэрлэгч шүхрээр тээвэрлэн хүргэх үндсэн чиг үүрэгтэй.

- Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 30 гаруй сум болон нийслэлийн ногоон бүсэд гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажиллаж, 25.000 гаруй мал амьтан, 30 гаруй өвөлжөө хаваржаа, 4000 гаруй тн өвс, 20 гаруй айлыг түймрийн аюулаас авран хамгаалж, нийт 320 хоног ажилласан байна.  Түүнчлэн 2015 онд ОХУ-ын Буриад улсын При-байкальский районд гарсан их хэмжээний ойн түймэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн ажлын хэсэгт багтаж,  хамт олонтойгоо үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

-БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын X ээлжинд буюу 2020-2021 онд Онцгой байдлын байгууллагынхаа алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан болон алба хаагчдын дунд зохион байгуулсан “Хүчтэн” тэмцээнд албаа төлөөлөн оролцож, тус тус түрүүлсэн.  “Энхийн төлөө”  шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон гэдэг нэр төрийн баталгаа гэж хэлж болно.

-Өөрийгөө дайчлах, шинэ зүйлд сорих, бие бялдраа хөгжүүлэхийн төлөө өдөр бүр хичээдэг. Шүхэрчин-аврагч нь сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилт өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Тиймээс Үндэсний бөхөөр хичээллэдэг. Аймгийн харцага цолтой. Олс таталтын спортын ОУХМ.  Жудо бөхийн I зэрэгтэй тамирчин. Цаг зав гарвал бэлтгэл, сургуулилтаа тогтмол хийдэг. Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн зүтгэж байгаа үе тэнгийн залуусдаа “Холыг харж хязгааргүй мөрөөд, түүнийхээ  төлөө тууштай тэмцэгч байгаарай” гэж хэлмээр байна.

-Ажлын онцлог байна. Нөгөө талаас хувь хүнийхээ хувьд цаг баримтлах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх ёстой гэж боддог. Олон хүн хариуцаж ажилладаг учраас харицлага өндөр ч хамгийн чухал нь харилцаа. Хэн ч байсан түрүүлж мэндлээд, инээж харилцах дуртай. Ингэснээр бусадтай төвөггүй ойлголцох, ажил хурдан шуурхай бүтэх, үр бүтээмж өндөр байдаг.  Өнгөрсөн 2023 онд Агаарын ажиллагааны салбар ОБЕГ-ын “Шилдэг салбар”-аар шалгарсан. Үе, үеийн удирдлага, шүхэрчдийн хөдөлмөр, хичээл, зүтгэл, албандаа тууштай зүтгэсний илэрхийлэл. Цаашид ч бас бид энэхүү нэр төрийг хадгалж, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн төлөө ажиллаж байна.  Онцгой байдлын байгууллагын агаарын зоригт шонхоруудаараа маш их бахархдаг.  

-Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр О.Цэнгэлмаа нь ерөнхий боловсролын 13-р дунд сургуульд математикийн багшаар ажилладаг. Охин Ш.Хонгорзул ерөнхий боловсролын IV сургуульд суралцдаг.  Хоёр бага маань  75-р цэцэрлэгт явдаг. Үр хүүхдийнхээ хүсэл, мөрөөдлийг дэмжиж, өөрийнх нь зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсан л гэж боддог. Бүх л зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Техник технологи ч өдөр өдрөөр шинэчлэгдэж байна. Ирээдүй гэрэлтэй сайхан байгаа л гэж хардаг. Энэ дашрамд хамтран үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зорилго бүр биелж, мөрөөдөл бүр биежих болтугай. Баярлалаа.