Д.Сумъяа, П.Орхон нар шагналаа гардан авлаа

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчид шагналаа гардан авлаа. Сарын шилдгээр тодорсон Дэлхийн аварга, Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нарт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарын бичгийн дарга Э.Бадар-Ууган нар шагналыг гардуулан өгөв.

"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1500 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм. Санал асуулгын дүнгээр өнгөрөгч сард төрсөн дэлхийн аваргууд манлайлж, анхны шилдгүүд боллоо.

Дашрамд дуулгахад, тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах аж.