21 аймгийн 50 орчим төлөөллөөр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлч, салбарын ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Монгол Улсын 21 аймгаас төлөөлөл бүхий 50 орчим оролцогч Улаанбаатар хотыг зорин ирж, салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулахын төлөө санаа бодлоо хуваалцсан ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнөв.

Оролцогчдын зүгээс хөндсөн гол сэдэв нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага бүр хэвлэл мэдээллийн ажилтан, зарим нь томоохон баг хэлтэс хүртэл ажиллуулах болсныг хурцаар шүүмжилсэн. Улмаар тухайн аймаг, суманд сэтгүүл зүйн хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ур чадвар бүхий сэтгүүлчдийг хэвлэлийн хэлтэс, албаддаа ажилд авчихдаг нь зөвхөн орон нутаг төдийгүй улсын хэмжээний асуудал болоод байгааг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хязгаарлаж өгөхийг Ажлын хэсгээс хүссэн.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль анх 1998 онд батлагдаж, орчин цагт сэтгүүлч, салбарын ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарсаар буй ч өмнө нь 3 удаа өргөн баригдахаас буцсан. Тэгвэл “Үе үеийн сайд нарын барьж батлуулахаас халгаж ирсэн хуулийг энэ удаад О.Алтангэрэл сайд зориглон хэлэлцүүлж, анхаарал хандуулж байгаа нь салбарын ирээдүйд итгэл төрүүлж байна” гэж Баянхонгор аймгийн төлөөлөл онцолж хэлсэн.

Нөгөө талд, “Уг хуулийн төслийг хөдөлгөхийг зорьж байгаа минь хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч ямар нэгэн ашиг сонирхол өвөрлөөгүй. Салбарын сайдын хувьд баримталж буй хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хүрээнд засаж сайжруулах зайлшгүй шаардлага бүхий Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль багтаж байгаа учраас батлуулахын төлөө хичээнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр байгаа.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг судлаач, төр-иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд зохион байгуулна.