Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн 77 мянган үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой 7800 тохиолдол бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийслэлийн түргэн тусламжийн газарт өнгөрсөн долоо хоногт 15 мянган дуудлага ирснээс томуу томуу төст өвчлөлтэй холбоотой дуудлага 21 хувийг эзэлж байна.
НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож мэдээлэхдээ, “Нийслэлд 21 эрүүл мэндийн байгууллагад 2759 ор дэлгэж, хэвтэн эмчлүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчтэй 1517 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 14 хувиар буурсан. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаас шалтгаалж, өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү цагаар буюу ажлын өдрүүдэд 08.30-21.00 цаг, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн. Харин маргаашаас дэгдэлтийн түвшинд хүрэхээс өмнөх зохицуулалт буюу бүсчилсэн байдлаар ажиллана" гэв.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 8.30-20.00 цаг, амралтын өдөр 11.00-18.00 цагийн хооронд ажиллах юм.