Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож Сүхбаатарын талбайд уншлаа.
Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг Сүхбаатарын талбайд уншсан. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон юм.
Энэ жилийн хувьд тус сургууль "Тусгаар тогтнол 3333" хөтөлбөрийг үндэсний хэмжээнд түгээхээр зорьж, 21 аймгийн төв талбайд нэг цагт, нэгэн зэрэг шүлгээ уншлаа.
Энэ талаар тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа, "Манай сургуулийн ахлах ангийн сурагчид баг болон 21 аймагт очсон. Тэд орон нутгийн сурагчидтай нэгдэн “тусгаар тогтнол” шүлгийг аймаг аймгийн төв талбайд уншина. Энэ шүлгэнд монголын өв соёл, эх хэл, эх орон бүхэлдээ шингэсэн байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах, өнгөрсөн, одоо, ирээдүй үеийн оюун санааны нэгдлийг хангах, эх оронч үзлийг төлөвшүүлж, эх хэлний соёлыг ирээдүй хойчдоо үлдээх нь хөтөлбөрийн зорилго" хэмээн онцлов.
Энэ үеэр сурагчид "Тусгаар тогтнол" шүлгийг уншихад эх орноо хайрлах сэтгэл төрдөг хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нийслэлийн Оюуны ундраа сургуулийн 6 дугаар ангийн сурагч н.Аминхүслэн ярихдаа, “Тусгаар тогтнол" шүлгийг уншиж улсынхаа өв соёлыг түгээж байгаадаа их баяртай байна. Энэхүү шүлэг эх орон минь ийм сайхан шүү, хамгаалж яваарай гэсэн утгатай гэж ойлгосон. Миний хувьд хоёрдугаараа ангиасаа шүлгээ цээжилсэн. Жаахан байхдаа уншихад хэцүү, утгыг нь ойлгохгүй байсан бол одоо илүү гүнзгий мэдэрч, 19 бадаг нь цээжинд амархан орсон. Энэ бол маш гоё шүлэг. Нэгдүгээр ангийн дүү нар маань ч маш сайн уншиж байна” гэлээ.
Тус сургуулийн 3 дугаар ангийн сурагч Б.Доржсүрэн, “Өнөөдөр сургуулийнхантай шүлэг уншсандаа сэтгэгдэл өндөр байна. Шүлэг уншиж байхад аав ээж минь харж, намайг дэмжиж байсан учраас маш их баярласан. Энэ нь надад бахархмаар гоё санагдсан. "Тусгаар тогтнол" шүлгийг 20 орчим хоногт цээжилсэн. Миний хувьд багаасаа англи хэл үзсэн мөн хичээлийн даалгавраа хийх шаардлагатай болохоор цээжилэхэд хэцүү байсан” гэв.
НИТХ, ерөнхий боловсролын Оюуны ундраа сургууль хамтран зохион байгуулж буй хөтөлбөрийн үеэр “Тусгаар тогтнол 3333” шилжин явах цомыг Хэнтий аймагт гардууллаа.




