Ж.Мөнхбат шалгуулах хүсэлт гаргалаа

ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ түүнийг албан тушаалаа ашиглан "Засаг чандмань майнз" компанид концессын гэрээ байгуулах тендерийн гэрээнд нөлөөлсөн гэх мэдээлэлд залруулга хийв.

Тэрбээр цааш ярихдаа, "ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлыг хаших хугацаандаа ямарваа нэг байдлаар албан тушаалаа ашигласан гэмт үйлдэл өдүүлж байгаагүй. Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу замын тендерт нийт 8 компани тендерт оролцохоор сонирхсон юм билээ. Гэвч уралдаант шалгаруулалтын эцсийн хугацаа болж хаахад зөвхөн "Засаг чандмань майнз" компани саналаа ирүүлсэн байсан. Иймээс уг компанитай Үндэсний хөрөнгө оруулалтын газар гэрээ байгуулсан байдаг. Энэ компанид манай гэр бүлийн зүгээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй, өмч хөрөнгийн ямар нэг үйл ажиллагаанд нь оролцдоггүй.

Тус компанийн олон хувьцаа эзэмшигчдийн нэг нь манай эхнэрийн хамаатан байсны төлөө хуулийн дагуу явж байсан тендерийг албан тушаалаа ашиглаж хууль бусаар авсан мэтээр ярьж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс би тус тендер хуулийн дагуу явсан эсэх, мөн миний бие тендерт нөлөөлсөн эсэхийг шалгуулж, буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорт хандаж байгаагаа мэдэгдлээ. Мөн ийн залруулга хийж байгаа нь шинэ Засгийн газарт орох гэсэн үйлдэл хэмээн ойлгож болохгүй хэмээв.