Дэлхийн хүрэл медальт тамирчиддаа хүндэтгэл үзүүлэв

Турк Улсын Измир хотноо 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдөр болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн түүхэн амжилт гаргасан Онцгой байдлын албаны баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Энэ үеэр Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны багийн дасгалжуулагч, бэлтгэл дэд хурандаа Д.Ганболдыг “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан бол багийн тамирчин Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Э.Энхбат, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Н.Нямсүрэн нарт хугацааны өмнө ахмад цол, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Батсайханд хугацааны өмнө ахлах дэслэгч цол олголоо.

Мөн Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны багийн ахлагч Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Ууганбаяр, багийн тамирчин Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Г.Баттулга, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч О.Мөнхтунгалаг, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр, унтраах аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Н.Ганбаяр, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Я.Энхбаяр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Билгүүн нарыг гурван сарын үндсэн цалингаар шагнав. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын алба төдийгүй Монгол Улсын хэмжээнд тохиож буй бас нэгэн түүхэн үйл явдал бол манай баг тамирчид Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын анхны медалийг хүртсэн явдал боллоо.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт нь Монгол Улсад хөгжөөд 60 орчим жил болж байна. Энэ медаль бидний мөрөөдөл байлаа. Хөрөнгө, санхүүгээс шалтгаалан манай баг тамирчид сүүлийн хэдэн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нь тасалдаад байсан.

Энэ спортыг хөгжүүлэх, баг тамирчдыг тууштай бэлтгэх зорилгоор 2015 онд Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ багийг байгуулж, бэлтгэл, сургуулилт хийх нөхцлийг сайжруулах, орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах зорилгыг ОБЕГ-ын удирдлагын зүгээс тавьж ирсэн.

Үүний үр дүн гарсанд баяртай байна" гэв. ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч, ГУТОТС-ын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч ОУХМ Н.Нямсүрэн, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, ОУХМ, дэслэгч О.Батсайхан нарыг 2018 онд ОХУ-ын Гал эсэргүүцэх академид, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Г.Баттулга, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Н.Ганбаяр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, спортын мастер Я.Энхбаяр болон Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, 1 дүгээр зэрэгтэй тамирчин Э.Билгүүн нарыг Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуульд эчнээгээр суралцуулахаар шийдвэрлэснийг дуулгалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.