АНУ-ын визний нөхцөл хөнгөрөх үү

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй, виз авсан зорилгодоо нийцүүлэн хариуцлагатай аялахыг уриалах зорилгоор “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт нар өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор эхлүүллээ.

АНУ-д зорчиж буй манай иргэд тус улсын хууль тогтоомжийг нь чанд мөрдөн хариуцлагатай аялаж, визний хугацаагаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдал арилбал Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах нөхцөл бодитоор бүрдэнэ гэдгийг олон нийтэд ойлгуулах нь энэ сурталчилгааны аяны үндсэн зорилго юм.

Энэхүү мэдээлэл, сурталчилгааны аян нь монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн шат дараатай арга хэмжээний нэг хэсэг бөгөөд уг аяны хүрээнд олон нийтэд мэдээллийг бодитой, нээлттэй хүргэх ажлууд хийгдэх болно.