Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Цохилт" арга хэмжээний хүрээнд энэ сарын 12-ны өдррөөс эхлэн "Чингис СООСЭ" Олон улсын харилцааны сургуультай хамтран "Оюутан эргүүл" арга хэмжээг зохион байгуулж байна.
Дээрх хугацаанд 60 гаруй оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүл гаргаж ажиллуулж байна.
Тус дүүргийн 22 дугаар хорооны 56 байгууллага, аж ахуй нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн албан мэдэгдлийн хүрээнд шалгалт хийж, 2 байгууллага аж ахуй нэгж гадна, дотор орчноо шинээр камержуулжээ.
Мөн тус хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг долоон газарт Цагдаагийн ерөнхий газрын Холбооны төвтэй хамтран явуулын камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.