“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтран бүтээсэн “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино энэ сарын 28-наас эхлэн бүх кино театруудад гарч эхэлнэ. Энэхүү кинонд бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх юм.

“Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар 2016 оны шилдэг кино болсон “Итгэл” киноны найруулагч Б.Гарамханд ажилласан бөгөөд ерөнхий зураглаачаар “Логик Фильм”-ийн С.Нэргүй нар ажиллажээ.

Киноны гол дүрд “Авъяаслаг Монголчууд 2015” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч бүжигчин Т.Саруултөгс, мөн “Авъяаслаг Монголчууд 2016” шоуны шилдэг оролцогч “Тэнгэрийн хунтайж” гэгддэг pole dancer Ч.Цэнгүүн болон загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.

Туслах дүрүүдэд монголын гудамжны бүжгийн шилдэг төлөөлөл болсон “Aim4R” продакшны залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм. Тус кинонд зориулж нийт 13 бүжиг шинээр дэглэсэн бөгөөд бүх бүжгийн хөгжмүүдийг кинонд зориулж зохиосон байна. Учир нь бүжгийн урлагийг харуулсан кинонд хөгжим маш чухал.

Киноны хөгжмийн найруулгыг “HYPEMAN entertainment”-ийн саунд инженер Г.Баттуваан /TUANA/ ажилласан бол шинэ цагийн шилдэг авъяаслаг залуусын нэгдэл болсон SOUL-О групп кинонд зориулж нийт 17 бүжгийн хөгжим бичсэн юм.