Ирэх сараас гэр хорооллынхны цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлөнө

Ирэх сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө хэмээн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас мэдээллээ.

Тодруулбал нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 21.00 - 06.00 цагийн хооронд 100 хувь хөнгөлөх юм. Одоогийн байдлаар 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрах 130 580 өрх байгаа аж. Үүнээс 128 509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд хамрах юм байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө.

Мөн өвлийн улиралд 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх юм. Улмаар хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.

Түүнчлэн УБЦТС ТӨХК-иас цахилгаан хэрэглэгчдийг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулахыг анхааруулав. Учир нь "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг.

Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.