С.Чинзориг: Төсвийн байгууллагын хэмнэлт, өөрийн орлогыг албан хаагчдад зарцуулдаг болно

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээрийн талаар өнөөдөр ХНХЯ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ноос мэдээлэл хийв.

МҮЭХ-ноос хугацаагүй завсарлага аваад байсан нэмэлт хэлэлцээр энэ сарын 28-нд үргэлжилжээ. Хэлэлцээрээр зөвхөн төрийн албан хаагчид бус нийт иргэдийн орлогыг хэрхэн нэмэх талаар хэлэлцэж, гурван тал санал нэгдсэн гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллийн эхэнд онцлов.

Мөн тэрбээр, “Орлого багатай иргэдэд хураамжийн хэлбэрээр очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулна. Ингэхдээ сайн дураараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийг 50 хувиар бууруулах болсон. Энэ шийдвэр 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, жилд олгодог 84 мянган төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг 120 мянгад хүргэнэ.

Түүнчлэн төрийн албан хаагчийн бодит орлогыг нэмэхэд 2017 онд 55.4 тэрбум, 2018 онд 56.2 тэрбум төгрөг тусгалаа. Төсвийн байгууллагын төсвийн хэмнэлт болон өөрийн орлогыг зөвхөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, цалин нэмэхэд зарцуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулах боллоо” хэмээв.

Мөн хэлэлцээрийн үеэр Засгийн газар 2018 онд инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар Олон улсын валютын сантай уулзалт хийжээ. Уулзалтын дүнд ирэх оны хоёрдугаар улиралд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээ хийхээр тохирсон байна.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан цалин олгох тогтолцоонд шилжихээр төлөвлөж буйгаа ХНХ-ын сайд өмнө нь танилцуулж байсан. Тэгвэл энэ удаагийн хэлэлцээрээр эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ангилал, зэрэглэлийг 2017 онд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, спортын салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг 2018 онд боловсронгуй болгож, шинэчлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн нийгмийн эмзэг, ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх зорилгоор 2017, 2018 оны улсын төсөвт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон “Цалинтай ээж” хөтөлбөрт 208.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэрт 136.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээр тохиролцлоо.