БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн мэдүүллээ.

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өргөн мэдүүлж байгаа юм. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

“Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсэв.