Замын цагдаагийн ойролцоо барих гүүрэн гарцны шавыг тавилаа /ФОТО/

Өнөөдөр нийслэл хотын бүтээн байгуулалтад хамгийн томд тооцогдох гүүрэн гарцын шавыг тавилаа.

Энэ хаврын замын бүтээн байгуулалтын эхний ажлыг Яармагын гүүрний өргөтгөлөөс эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр шавыг нь тавьсан гүүрэн гарц нь  Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасанаараа онцлогтой.  “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо барих том төслийн нэг гэдгийг нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцлов.

Тус гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Шав тавих ёслолд Хотын дарга С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нар шороог хөндөн хадаг цай тавьж,  Монгол ёсоор лам нар арц, хүж асаан маани мэгзэм хөгжөөв. Мөн үеэр ардын дууны "Дөмөн" хамтлаг, уртын дууч, МУГЖ  Б.Хонгорзул уртын дуугаар ая барилаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд " Энэхүү гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах хэрээр замын ачаалал буурах юм. Төслийн хүрээнд барих эл  гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх бөгөөд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай,  16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт барина.  Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдоно. Харин Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух бөгөөд төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетонон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам. доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна" гэв.

Элчин сайд Шин Хаймин " Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлан хоёр орны бүтээн байгуулалтад "Нэг зам-Нэг бүс" бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу энэ бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Хоёр орны иргэдийн нүдэнд харагдах бодит ажлын нэг хэсэг нь энэ гүүрэн гарц болох юм. Дээрх "Нэг зам-Нэг бүс" болон Монгол Улсаас дэвшүүлсэн "Хөгжлийн зам" төсөлтэй энэ бүтээн байгуулалт холбогдож байгаа. Тиймээс Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл үзүүлж, улсынхаа тэргүүн бүтээн байгуулагч компанийг энэ ажилд оролцуулан гэрээнд заасан хугацаанд  чанартай гүүрэн гарцыг бүрэн тохижилттой хүлээн өгнө гэдгээ амлая" гэлээ.