Агаарын чанар: Толгойт, Телевиз орчимд маш их бохирдолтой байна

Агаарын чанарын албаны гаргасан мэдээгээр өнөөдөр 08.30 цагийн байдлаар МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 695 буюу маш их бохирдолтой байна. Харин Толгойт орчимд агаар их бохирдолтой байгаа бол Амгалан, Монгол газар, Баянхошуу орчимд дунд зэргийн бохирдолтой гэж гарчээ.

ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд Мишээл экспо, Ургах наран орчимд хэвийн байна.

Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.