Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Монгол улсад суугаа ОХУ-ын онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад  ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГХАХ-ийн дарга С.Занданбал харин ОХУ-ын талаас Бүрэн Эрхт Элчин сайд Азизов.И.К, ахлах зөвлөх Кулаков.В.В, атташе Безруков.С.С нар байлаа. Мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 4,2 сая тун вакцин  хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээр  болсон. Энэ хүрээнд эхний ээлжид  2,6 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх  вакциныг хүлээн авсан. Харин  үлдсэн 1,6 сая тун шүлхий өвчний вакциныг ирэх оны 1-р улиралд багтаан нийлүүлэхийг ОХУ-ын талаас хүслээ.

Мөн ОХУ-ын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр 10,0 сая ам.долларын газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийг худалдахаар тохирч, эхний ээлжийн тоног төхөөрөмжийг 2017 оны 8 дугаар сарын сүүлээр манай тал хүлээн авсан. Цаашид уг төслийн хүрээнд газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг үргэлжлүүлэх хүсэлтээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.

Түүнчлэн  манай улсад цаг уурын нөхцөл болох нийт нутгаар гангийн байдал үүсэж үр тарианы болон хадлангийн ургац тодорхой хувиар буурсан. Улсын нийт хэрэгцээ дутагдаж байгаатай холбогдуулан манай улсад 225.0 мянган тонн хүнсний улаан буудай, 51.0 мянган тонн тэжээл, 6000 тонн үрийн улаан буудай   шаардлагатай байгаа юм.Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Барнаул хотоос Баруун аймгуудын тэжээлийн хэрэгцээг нэмэгдүүлэх харин ОХУ-ын Новосибирск мужаас төв болон говийн бүсийн тэжээлийн хангамжийг, дотоодын тэжээлийн хэрэгцээг  тус тус нэмэгдүүлэх, хомсдлоос үүссэн үнийн хөөрөгдлийг зогсоох  зорилгоор тэжээл импортлоход дэмжлэг үзүүлэх, худалдан авах гэрээний таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг  ОХУ-ын элчин сайдаас ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хүссэн юм.

Үүнээс гадна Монголын мах боловсруулах үйлдвэрүүдэд ОХУ-ын талаас хийж буй шинжээчдийн тайлан, дүгнэлтүүдийг цаг алдалгүй ирүүлдэг байх мөн хонины махны хэрэглээ ихтэй  урд хөршийн хамтын нөхөрлөлийн улсуудад хонины махны импортын квотыг олгож, Монгол улсаас мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаагаа цохон тэмдэглэлээ. Хамгийн чухал нь Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих тарифын болоод тарифын бус хязгаарлалтыг багасгах, тарифыг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэх төвшинд ОХУ-ын талаас дэмжлэг үзүүлж, цаашид манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад идэвхтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уулзалтын төгсгөлд онцоллоо.