Чөлөөтийнхөн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Чебоксар хотноо энэ сарын 1-2-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч ур чадвараа сорьсон Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн эзэд болов.

Энэ жилийн ДЦАШТ-ий А хэсэгт Япон, ОХУ, АНУ, Швед, В хэсэгт Азербайжан, Монгол, БНХАУ, Укрианы багууд багтсан юм. Энэхүү 16 дахь удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг найман баг өрсөлдсөн бөгөөд манай улсын баг Азербайжан, Украин, АНУ-ын багийг хожиж, БНХАУ-ын багт хожигдож 2107 оны Дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ.

Манай бүсгүйчүүд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд АНУ-ын бүсгүйчүүдийг 4:2 оноогоор хожсон юм. Энэ удаагийн Дэлхийн цомын төлөөх шигшээ барилдаанд Япон, БНХАУ-ын багууд өрсөлдөж байна. 2001 оноос эхлэн зохион байгуулсан Дэлхийн цомд Японы баг хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн бол БНХАУ-ын баг зургаан удаа аваргын цомыг хүртжээ.

Харин АНУ-ын бүсгүйчүүд 2003 онд түрүүлж байсан бол энэ жил медальгүй хоцорлоо. Монголын баг анх 2013 онд мөнгөн медалийн эзэд болж, улмаар 2015, 2017 онд хүрэл медалийн эзэд болов. Манай бүсгүйчүүд эхний тойрогт Азербайжаныг 6:2-оор, удаах тойрогт мөн Укрианыг 6:2 онооны харьцаагаар илт давуу хожсон. Хэсгийн аваргын төлөөх гуравдугаар тойрогт Хятадын багт 5:3-аар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч, улмаар АНУ-ын багийг 4:2-оор хожин хүрэл медалийн тавцанд зогсч чадлаа.

Дэлхийн цом-2017- Алтан медаль: БНХАУ – Япон
Хүрэл медаль: Монгол – АНУ 4:2
V байр: Украин – ОХУ 3:5
VII байр: Азарбайжан – Швед 6:2