О.Ууганбаатар, Э.Зоригтбаатар нар “Амжилтын хүрэл од” шагнал хүртлээ

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны “Амжилтын хүрэл од” шагналыг жүдоч О.Ууганбаатар, пауэрлифтингийн ОУХМ Э.Зоригтбаатар нар хүртлээ.

Тив, дэлхий болон улсдаа нэр алдраа мандуулж, бодитой амжилт гаргасан, тухайн амжилт нь олон нийтэд өндөр үнэлэгдсэн, залуусыг уриалан дуудагч, үлгэр дууриал болсон залуус, хамт олныг МЗХ-ны “Амжилтын хүрэл од”-оор шагнадаг билээ.

Токиогийн их дуулга тэмцээний Монголын жүдо бөхийн анхны эрэгтэй алтан медальт, 2013-2017 оны Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Отгонбатын Ууганбаатар, пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, гар барилдааны дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Эрдэнэбатын Зоригтбаатар нарт МЗХ-ны “Амжилтын хүрэл од”-ыг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй гардуулж, баяр хүргэсэн байна.

Энэ үеэр О.Ууганбаатар “Би жүдо бөхийн спортоор 14 дэх жилдээ хичээллэж байна. Энэ жилийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил боллоо. Токиогийн Их дуулга тэмцээнээс анхны алтан медалийг авч чадсандаа маш их баяртай байна. Энэ амжилтыг үнэлж МЗХ-ндоо их баярлалаа” гэв.

Харин Э.Зоригтбаатар “Миний хувьд энэ спортоор хичээллээд 11 жил болж байна. Бэртэл гэмтлийн улмаас сүүлийн дөрвөн жил завсарлаад өнгөрсөн жилээс спортдоо эргэн ирж, улсын болон дэлхийн 9 тэмцээнд амжилттай оролцож бүгдэд нь түрүүллээ. Маш их баяртай байгаа. Бүгдийг эхнээс нь эхэлж байгаа мэт санагдаж байна. Ирэх жил Powerlifting-ийн ДАШТ-д амжилттай оролцож дахин аварга болохыг зорьж байгаа” гэсэн юм.