Монголын Үндэсний музейд өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа ховор үзмэрүүд болох “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тус музей өөрийн сан хөмрөг дэх үзмэрээс үзэгч олонд толилуулдаг уламжлал ёсоор энэ удаа Монголын олон газар нутгийн уран дархчуулын ухаан, нүд, гарын ураар бүтээсэн үе үеийн 170 гаруй үзмэрийг дээжлэн дэлгэн тавьжээ. Монголын ард түмний хэдэн мянган жилийг дамнан хойч үедээ уламжлуулж ирсэн эдийн болон оюуны соёлын өвийн салшгүй хэсэг болох сав суулгыг энэ үзэсгэлэнгээс л та харж болно.
Монол үндэсний сав суулга нь өөрийн өв соёл, уламжлалт арга хэв маяг, донжийг шингээн урласан эд зүйлийн дээжийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлжээ.
Сонирхуулахад, Монголын үндэсний музейн нийт үзмэрийн 15 хувийг ваар, сав суулга эзэлдэг аж. Сонирхсон хүн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна. Энэхүү үзэсгэлэн нь гуравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.