Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн хугацаатай шаардлагын хариуг шаардлаа

Ардчилсан намаас энэ сарын 03-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт нэмэгдсэн татваруудыг цуцлуулах талаар хугацаатай шаардлага хүргүүлсэн. Гэвч Засгийн газар өнөөдрийг хүртэл ганц ч дорвитой алхам хийгээгүй, шаардлагад хариу өгөөгүй.

Харин ч бүр шаардлага хүргүүлснээс хойш буюу энэ сарын дундаас эхлэн шатахууны үнэ өсч, зохиомол хомсдол бий болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс өнөөдөр /2018.01.22/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тооцоо судалгаагүй олон төрлийн татвар нэмсэн асуудлаа дахин судалж, татвар нэмсэн хуулиудаа цуцлах тухай хуулийн төслийг 2018 оны хоёрдугаар сарын 01-ний дотор нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхийг шаардлаа.

Үнийн тогтвортой байдлыг хангаж, ард түмний дунд үүсээд байгаа бухимдлыг намжаах талаар шуурхай арга хэмжээ авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно гэдгийг мэдэгдлээ.