Баянхошуунд 212 айлын орон сууц ашиглалтад орно

2017 оны зургаадугаар сарын 09. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД /MPA

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ- нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК-999” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

“ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-өөс 5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.

Төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол боллоо.  “ТОСК-999” төслийн онцлог нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн хямд өртөгтэй, богино хугацаанд хэсэгчилэн барьж ашиглалтад орох, нам давхрын орон сууцнууд байх бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа, материалыг түлхүү ашиглаж, Монгол Улсын барилгын норм дүрэм, стандартад бүрэн нийцсэн орон сууцны жишиг хотхоныг байгуулах аж.

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцлоо.