Маск продакшны уоан бүтээл “Соёлын довтолгоо" УСК нээлтээ хийлээ

“Маск” продакшн, “Хүлэгү пикчерс” кино компанийн хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны нээлт энэ сарын 19-нд Корпорэйт конвэйшн центрт боллоо.

Тус киноны зураг авалт 2018 оны зургадугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Гүн нуурын эрэг дээр эхэлж, сар гаруй хугацаанд үргэлжилжээ. Киноны найруулагчаар Д.Мөнхбат, зургийн даргаар Ц.Ганзориг, ерөнхий зураачаар Н.Батжаргал нар ажилласан бол гол дүрд М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан, А.Гэрэлцэцэг, Х.Цасчихэр, олны хэсэг буюу нутгийн ардын дүрд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид оролцон тоглосон байна.

Улс орон даяар 1959 онд "Соёлын довтолгоо" өрнүүлэх тогтоол гарав. Бүх нийтээр соёлжиж, усанд орох, дотуур хувцас хэрэглэх, шүдээ угаах зэрэг наад захын дадал сууж, хүмүүс ариун цэвэрч байдлыг эрхэмлэх хэрэгтэй болов. Энэхүү "Соёлын довтолгоо"-г хэрэгжүүлэх үүрэгтэй ариун цэврийн байцаагч Далхаа нэгэн суманд ирснээр үйл явдал өрнөх аж.

Энэхүү киногоор уран бүтээлчид “Соёлоор улам бүр довтолгохтун”, “Эрүүл, соёлч ахуйг хэвшүүлцгээе”, “Хотын хөдөлгөөний дүрмийг хүн бүр биелүүлье” гэсэн мессежийг олон нийтэд хүргэхийг зорьжээ.