Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, хэсэгчилсэн байдлаар зарласан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэв.

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдал өнөөдрийн байдлаар, дэлхийн 26 оронд 73 мянга гаруй хүн өвчилснөөс 1873 хүн амиа алдсан байна. БНХАУ-д өргөн тэмдэглэсэн хаврын баярын үеэр халдварын голомт Ухань хотоос орон даяар иргэд шилжих хөдөлгөөн хийснээс тархалтыг нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэжээ. Тус баяраар БНХАУ-ын хэмжээнд 84 сая хүн шилжих хөдөлгөөн хийсэн байна. Олон улсын судлаачдын дүгнэснээр, дөрөвдүгээр сараас халдварын тархалт багасах таамаглал дэвшүүлсэн хэмээн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээллийн үеэр тэмдэглэв.

Тэрбээр, “Нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын 60 дугаар тогтоолоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Халддварын тархац багасахгүй байгаа тул дээрх тогтоолын хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгахаар боллоо. Одоогоор УОК болон Засгийн газраас Цагаан сарын баярын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хорих тухай асуудлыг хэлэлцээгүй.

Гэхдээ Цагаан сарын баяр хүртэл ойр ойрхон нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр гаргана. Зарим аймаг хөдөлгөөн хорих шийдвэр гаргасан гэх мэдээлэл аваад байна. Уг шийдвэрийг гаргахдаа Зам тээврийн сайдтай харилцан зөвшилцөж гаргах ёстой. Тиймээс энэ асуудлыг цааш нь лавлана” хэмээв. Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 30-наар тогтож сунгасан байна.

Ташрамд дурдахад, БНХАУ-д аяласан, тэнд ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн Монгол Улсын 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ авчээ. Одоогоор Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдвар илрээгүй. УОК-ын шийдвэрээр байгуулагдсан ажлын багийн дүгнэлтээр манай улс халдвар тархах эрсдэл ихтэй гэж тодорхойлжээ. ДЭМБ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, авсан арга хэмжээгээ сулруулахгүй байхыг улс орнуудад зөвлөж байна.