Сургууль, цэцэрлэгийг нээх шат дарааллыг дахин боловсруулах чиглэл өгөв

УОК-ын хуралдаанаар, бүх шатны сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1-нээс үе шаттай нээх асуудлаар дахин төлөвлөгөө боловсруулахыг чиглэл болгосон талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар, БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг судлаж санал, дүгнэлт гаргах ажлын баг байгуулж ажиллажээ. Ажлын багт төрийн бүх байгууллагын мэргэжилтэн ажиллаж, санал, дүгнэлтээ өнөөдрийн УОК-ын хуралдаанд танилцуулсан байна. Ажлын багаас хэд хэдэн хувилбар гаргасан бөгөөд хичээлийн жилийг эхлүүлэх шат дарааллыг дахин боловсруулж маргаашийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг УОК-оос үүрэг болгожээ.

УОК-т оруулсан хувилбарт, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Ингэхдээ, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг 10 дугаар сарын 05-ны өдөр эхлэхээр боловсруулжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

2019-2020 оны хичээлийн жилийг 75 өдөр цахимаар хичээллэж дуусгасан байна. Статистик тоогоор, сургуулийн өмнөх насанд хамрагдах ёстой буюу 2-5 насны 305 мянган хүүхэд, ЕБС-д хамрагдах 682 мянган сурагч, их дээд сургуульд суралцах 150 мянган оюутан байна. Засгийн газрын хуралдаанаар, 2020-2021 оны хичээлийг жилийг эхлүүлэхтэй холбоотой тодорхой шийдвэр гарсны дараа БШУЯ-наас тусгайлсан хэвлэлийн хурал зохион байгуулна хэмээн БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэв.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here